Аяа, Оюун санааны үр!
Чамд юуны түрүүн зөвлөх зүйл гэвэл: цэвэр ариун, цэлмүүн найрсаг, цэгээн тунгалаг сэтгэлийг барь, тэгэх ахул үл зайлах, үл эцэслэх, өнө эртний өв тэгш хүчин чинийх болмой.
Аяа, Оюун санааны үр!
Миний сэтгэлд бүхнээс эрхэмлэдэг зүйлийн дээд нь шударга ёс. Хэрэв Намайг хүсвээс шударга ёсноос нүүрээ бүү буруул, хэрэв Миний итгэлийг эрвээс шударга ёсыг бүү орхи. Үүний ачаар, чи бусдын нүдээр бус өөрийн нүдээр бүхнийг харж, бусдын мэдлэгээр бус өөрийн мэдлэгээр бүхнийг танин мэдэж чадмуй. Үүнийг зүрх сэтгэлдээ тунгааж, хэрхэвэл зохихыг эргэцүүлэн бод. Үнэнхүү, шударга ёс бол чамд барих Миний бэлэг бөгөөд Миний хайр өршөөлийн тэмдэг болой. Тиймээс түүнийг хоёр нүднийхээ өмнө ямагт тогтоож яв.
Аяа, Хүмүүний үр!
Балар эрт үеэс ч өмнөх мөнхийн амьдралдаа Би чамайг нигүүлсэн хайрлаж байсны учир чамайг бүтээсэн бөгөөд Өөрийнхөө дүр төрхийг чам дээр сийлэн соёрхож, Өөрийн гоо сайхныг өмнө чинь нээсэн бөлгөө.
Аяа, Хүмүүний үр!
Би бүтээлийг чинь хайрладаг болохоор чамайг бүтээсэн юм. Иймээс Намайг хайрлаж яв. Тэгэх ахул Би чамайг нэрээр чинь дудаж, зүрх сэтгэлийг чинь амьдралын сүнсээр дүүргэж чадмуй.
Аяа, Хүмүүний үр!
Намайг хайрлагтун, чингэвээс Би чамайг хайр өршөөлдөө багтааж чадмуй. Хэрэв чи Намайг үл хайрлах аваас Миний хайр өршөөл чамд хүртээлгүй болмой, үүнийг зарц минь мэдтүгэй.
Аяа, Ахуйн үр!
Миний хайр болбоос чиний Диваажин агаад Надтай дахин золгон учрах нь чиний хувьд тэнгэрийн орон гэр чинь болой. Түүнд орохыг үл алгуурлан сайтар шамд. Бидний дээд тэнгэрийн орон, Бидний эрхэм ноёрхлын ертөнцөд заагдсан чиний заяа төөрөг энэ буюу.
Аяа, Хүмүүний үр!
Хэрэв чи Намайг хайрлах ахул өөрөө өөрөөсөө холд. Хэрэв Миний тааллыг эрвээс өөрийнхөө тааллыг эс тоо. Чингэвэл чи Миний дотор мөхөж, Би чиний дотор мөнх амьдарч чадмуй.
Аяа, Оюун санааны үр!
Өөрийгөө орхин, Над руу дөтлөөгүй цагт чамд амар тайван гэж үгүй, учир нь чи өөрийнхөө нэрээр бус, Миний нэрээр алдаршиж, өөртөө бус Надад итгэн найдах нь чамд зохилтой. Учир нь Би юм бүхнээс илүүтэй хайрлуулахыг хүснэм.
Аяа, Ахуйн үр!
Миний хайр өршөөл бол Миний хэрэм цайз мөн. Түүнд багтваас аюул хөнөөлд үл өртөх, гадаа нь үлдвээс төөрөлдөж мөхөх.
Аяа, Үгийн үр!
Чи болбоос Миний хэрэм цайз мөн. Түүнд багтан орж, аюулгүй тайван оршигтун. Миний хайр чамд оршино, үүнийг мэдтүгэй, тэгэх ахул Намайг өөрийнхөө дэргэд олж хармой.
Аяа, Ахуйн үр!
Чи болбоос Миний зул, Миний гэрэл чамд оршиж буй нь тэр. Чи түүгээр гэрэлтэн бадмалж, Надаас өөрийг бүү эрж хай. Учир нь Би чамайг баян болгож бүтээсэн агаад ивээл хайраа чам дээр өгөөмрөөр тусгасан болой.
Аяа, Ахуйн үр!
Хүчин төгс мутраараа Би чамайг бүтээж, төгс уран хуруугаараа чамайг барьж, Өөрийн гэрэл гэгээний бодгаль чанарыг чамд шингээсэн. Миний бүтээл төгс бүрдэж, Миний зарлиг заавал биелэхийн учир чи түүнд сэтгэл хангалуун бай, өөрийг бүү эрж хай. Үүнтэй бүү марга, бүү эргэлз.
Аяа, Оюун санааны үр!
Би чамайг баян болгож бүтээсэн, юунд чи өөрийгөө ядуу болгоно вэ? Би чамайг эрхэм болгож бүтээсэн, юунд чи өөрийгөө гутаана вэ? Эрдэм мэдлэгийн мөн чанараар Би чамайг буй болгосон, юунд чи Надаас өөр бусдаас гэгээрлийг эрнэ вэ? Хайр сэтгэлийн зуурмагаар Би чамайг барин цогцлуулсан, юунд чи бусадтай зууралдана вэ? Чи харцаа өөр лүүгээ чиглүүлээд үз, тэгвээс агуу чадал бүрдэж, хотол төгссөн Намайг өөрийн дотор олж үзэх болно.
Аяа, Хүмүүний үр!
Чи бол Миний гүрэн, Миний гүрэн огоот арилахгүй, юунд чи өөрийгөө арилмуй хэмээн айна? Чи бол Миний гэрэл, Миний гэрэл хэзээ ч үл бөхнө, юунд чи бөхөхүй хэмээн эмээнэ? Чи бол Миний алдар, Миний алдар үл буурна. Чи бол Миний дээл, Миний дээл үл сэмэрнэ. Надад зориулсан хайр сэтгэлдээ өөрөө багтагтун, чингэвээс алдрын дээд оронд Намайг үзэх болмой.
Аяа, Үгийн үр!
Нүүрээ зөвхөн Надад хандуулж, Надаас бусад бүхнээс хөндийр. Миний эрхшээл мөнх бөгөөд Миний ноёрхол хувирашгүй. Хэрэв чи Надаас өөр бусдыг эрэх ахул, тиймээ, бүх л орчлонг ч нэгжих ахул эрэл чинь мухардах буюу.
Аяа, Гэрлийн үр!
Надаас бусад бүхнийг мартаж, зөвхөн Миний оюун санааг даган баяс. Миний лүндэний бодгаль чанар энэ мөнийн учир түүнд хандан залбир.
Аяа, Хүмүүний үр!
Надаар л сэтгэл хангалуун байж, өөр тусчийг бүү эр. Учир нь Надаас бусад өөр хэн ч чамайг хангалуун байлгаж эс чадъюу.
Аяа, Оюун санааны үр!
Бидний чамд хүсээгүй зүйлийг Надаас бүү гуй. Харин чамд нэгэнт өгч соёрхсон тэр бүхнээр сэтгэл хангалуун явагтун. Учир нь, тэр бүхнээр хангалуун явах аваас чамд ач тустай зүйл нь тэр болой.
Аяа, Гайхамшигт зөн билгийн үр!
Намайг хайрлан сүслэх болов уу гэсэндээ Би чиний дотор Өөрийн сүнсийг үлээж оруулсан билээ. Юунд чи Намайг орхиж, Надаас өөрийг хайрлах болов?
Аяа, Оюун санааны үр!
Чамаас шаардах зүйл минь агуу их бөгөөд үл мартагдмуй. Чамд хүртээх Миний буян хишиг хэмжээлшгүй бөгөөд үл далдлагдмуй. Миний хайр сэтгэл чиний дотор үүрээ зассан агаад хэрхэвч үл нууцлагдмуй. Миний гэрэл чамайг гийгүүлж, түүнийг юу ч харанхуйлж эс чадмой.
Аяа, Хүмүүний үр!
Би чамд зориулж гэгээн алдрын модонд шилмэл жимс өлгөсөн байтал ямар учраас чи түүнээс нүүр буруулан тойрч, түүнээс дор модоор хангалуун байна вэ? Чамд илүү зохилтой оргилын дээд орон дахь мод руугаа чи буцаж очигтун.
Аяа, Оюун санааны үр!
Би чамайг буянтан болгож бүтээсэн, гэтэл чи өөрийгөө басамжилсан, юуны тулд буянтан байхаар бүтээгдсэн билээ, сэхээрэн дээшлэгтүн.
Аяа, Дээд тэнгэрийн үр!
Мөнх оршил руу Би чамайг дуудсан, гэтэл чи зуурдыг эрсэн. Юуны учир Бидний хүсэл зоригийг үл тоомсорлон, өөрийн хүслийг дагах болов?
Аяа, Хүмүүний үр!
Өөрийн хэмжээ хязгаараас бүү халь, өөрт үл зохих юманд бүү өнгөлз. Хүч чадал, захирахуйн Эзэн Бурханыхаа дүрийн өмнө мөргөн сөгд!
Аяа, Оюун санааны үр!
Ядуу доройн өмнө чи бүү ихэмсэглэ, учир нь Би түүнийг замаар нь хөтлөн дагуулна, харин чиний төөрөлдсөнийг Би үзэхүйеэ ашид зэмлэсү.
Аяа, Ахуйн үр!
Өөрийнхөө алдас нүглийг умартаж бусдын алдас нүглээр завгүй хөөцөлдөж болно гэж үү? Үүнийг үйлдсэн хэн ч болов Миний цээрлэлийг хүртмү.
Аяа, Хүмүүний үр!
Өөрөө чи нүгэлтэн мөртөө бусдын нүглийг бүү уудал. Энэхүү лүндэнг чи зөрчих аваас цээрлэл хүртэнэ гэдгийг Би гэрчилье.
Аяа, Оюун санааны үр!
Нэгэн үнэнийг мэдтүгэй. Шударга ёсонд бусдыг уриалаад, харин өөрөө шударга ёсыг хөсөрдүүлэгч нь Миний нэрийг баривч Надад огт хамаагүй хүн болой.
Аяа, Ахуйн үр!
Өөрөө өөртөө хүсэшгүй нэрийг бусдад бүү зүүлгэ, өөрөө хийдэггүй бол бусдыг хий гэж бүү цэцэрх. Чамд айлдах Миний лүндэн энэ болой, дагагтун.
Аяа, Хүмүүний үр!
Миний шадар зарцын аливаа гуйлтыг бүү татгалз, учир нь түүний дүр төрх бол Миний дүр төрх мөнийн учир Миний өмнө хүлцэнгүй бай!
Аяа, Ахуйн үр!
Эцсийн тооцоо хийгдэхээс өмнө амьдралынхаа зам мөрийн тооцоог өдөр бүр тунгааж бай. Учир нь үхэл гэнэт дайрахын цагт үйлдсэн нүгэл буянаар чинь чамайг шүүх болой.
Аяа, Дээд тэнгэрийн үр!
Би чамд зориулан үхлийг баяр баясгалангийн элч болгосон байтал юунд чи уй гашууд автана вэ? Чам дээр сүрлэг сайхнаа тусгаг хэмээн гэрэл гэгээг бий болгосон байтал юунд чи түүнээс нуугдан нүүрээ халхлана вэ?
Аяа, Оюун санааны үр!
Би чамд зулын гэрлээр баярт мэндийг хүргэнэ, баясан цэнгэгтүн! Би чамайг ариун лагшин оронд дуудна, чи тэнд сууж, ашид амар жаргалыг ологтун.
Аяа, Оюун санааны үр!
Ариун ёсны сүнс чамд дахин золгохуйн баярт мэдээг хүргэж байна. Юунд чи гутрана вэ? Хүч чадлын сүнс чамайг Өөрийн үйл хэрэгт бататган тэтгэж байхад юунд нуугдан нүүрээ халхлана вэ? Түүний дүр царайны гэгээн гэрэл замыг чинь гийгүүлэн хөтөлж байхад чи тэрхүү замыг тойрон өнгөрч болно гэж үү?
Аяа, Хүмүүний үр!
Биднээс холдсондоо л биш бол өөр зүйлд бүү гунирх. Бидэнд ойртон дөхөж, эргэж ирнэ гэдэгтээ л биш бол өөр зүйлд бүү баярла.
Аяа, Хүмүүний үр!
Сэтгэл зүрхнийхээ угаас баярлан баясагтун. Тэгэх ахул Надтай нүүр учирч, Миний үзэсгэлэнт дүрийг тольдон тусгах заяа чамд олдмой.
Аяа, Хүмүүний үр!
Миний тансаг гоёмсог дээлийг бүү тайл, чамд соёрхсон Миний гайхамшигт усан оргилуураас хувиа хүртэх боломжоос бүү татгалз, эс бөгөөс ашид цангаж зовох буюу.
Аяа, Ахуйн үр!
Намайг хайрласныхаа бэлэгдэл болгож Миний хууль дүрмээр замнагтун. Миний тааллыг эрэх аваас өөрийнхөө хүслийг огоорон тэвч.
Аяа, Хүмүүний үр!
Миний гоо сайхныг хайрлан сүслэх аваас Миний лүндэнг бүү хөсөрдүүл. Миний хүсэл тааллыг дагахыг хүсвээс Миний зөвлөгөөг бүү март.
Аяа, Хүмүүний үр!
Чи эцэс хязгааргүй орчлонг үтэр нисэн туулж, огторгуйн уудам орноор хичнээн хэрэн тэнэвч Бидний зарлигийг хүлцэн дагаж, Бидний өмнө номхрохоос өөр амрыг үл олох буюу.
Аяа, Хүмүүний үр!
Миний үйл хэргийг бишрэн магт, чингэвээс Би өөрийнхөө агуу ихийн нууцыг өмнө чинь нээж, мөнхийн гэрлээрээ чамайг соёрхон гийгүүлэх болмой.
Аяа, Хүмүүний үр!
Миний өмнө хүлцэнгүй бай, чингэвээс Би чамтай элэгсэг дотно учирч байх болно. Газар дэлхий дээр орших хугацаандаа ялж төгс мандахын тулд Миний үйл хэргийн ялалтын төлөө цэхлэн бос.
Аяа, Ахуйн үр!
Миний газар дэлхий дээр Намайг дурсаж бай, чингэвээс Би чамайг Өөрийн диваажинд дурсаж байх болмой. Ийнхүү Миний ч, чиний ч нүдэнд баяр баясал гэрэлтэж байх авай.
Аяа, Сэнтийн үр!
Чиний сонор бол Миний сонор, түүгээр сонсож бай. Чиний хараа бол Миний хараа, түүгээр харж бай. Тэгэх ахул Миний гэгээн чанарыг сэтгэлийнхээ гүнд хадгалан гэрчилж, улмаар Би Өөрийн дотор өндөр дээд сэнтийг чамд гэрчлэн соёрхох болой.
Аяа, Ахуйн үр!
Миний ариун бодь мөрийн замд амь насаа баатарлагаар зориулахыг хүс. Миний хүсэл таалалд сэтгэл хангалуун байж, Миний чамд айлдан соёрхсонд талархан баяс. Чингэвээс агуу их огторгуйн дор, алдрын нөмрөг дор Надтай хамт амирлыг олмой.
Аяа, Хүмүүний үр!
Эргэцүүлэн бодож, тунгаагтун. Орондоо атирч үхэхийг хүсэх үү, эсхүл Миний ариун бодь мөрийн замд амь насаа баатарлагаар зориулж газар шороонд цусаа урсган Миний зарлигийн илэрхийлэл, эрхэм дээд диваажинд Миний гэрлийг асаагч болох уу? Сайтар тунгаа, аяа, шадар зарц минь!
Аяа, Хүмүүний үр!
Гоо сайхнаараа тангараглая! Өөрийн цусаар үсээ будах чинь Миний мэлмийд огторгуй дэлхийн үүсэл ба хоёр ертөнцийн гэрэл гэгээнээс ч илүүтэй. Үүнийг хүсэн эрмэлз, аяа, шадар зарц минь!
Аяа, Хүмүүний үр!
Аливаа юм бүхэнд өөрийн шинж тэмдэг буй. Хайр сэтгэлийн шинж тэмдэг бол Миний лүндэнг даган баяссанаар, Миний сорилтыг даван гарснаар сая бүрдэх тэвчээр мөн.
Аяа, Хүмүүний үр!
Хутган үймүүлэгч өршөөлийг, нүгэл үйлдэгч энэрлийг эрэн хүсдгийн адил үнэнч хайр сэтгэлтэн зовлон гачланд тэмүүлдэг.
Аяа, Хүмүүний үр!
Миний ариун бодь мөрийн замыг дагахуйд чамд зовлон үл тохиох юм бол Миний хүсэл зоригийг дагагчдын замаар чи хэрхэн явж чадах юм бэ? Над руу тэмүүлэхдээ элдэв сорилт эс туулах аваас Миний гоо сайхныг хайрлахуйн гэрэл гэгээнд яахан хүрэх.
Аяа, Хүмүүний үр!
Миний гай гамшиг бол Миний зөн билэг, өнгөн талаасаа бол гал, өшөө хонзон мэт, гэвч бодгаль чанар нь гэрэл гэгээ, хайр энэрэл мөн. Мөнхийн гэрэл, үүрдийн сүнс болохын тулд түүнд тэмүүл. Энэ бол чамд буулгах Миний лүндэн, дагагтун.
Аяа, Хүмүүний үр!
Буян заяа ноогдохуйд бүү баярла, доромжлол гутаг тохиохуйд бүү гутар, эдгээрийн аль аль нь хоромхон өнгөрөх бөгөөд дахин үл дайрах буюу.
Аяа, Ахуйн үр!
Ядуурал хоосролд орвоос бүү гутар, учир нь үлэмж баялгийн Эзэн тэнгэр ирэх цагтаа чамд айлчлан ирнэ. Доромжлол гутгаас бүү эмээгтүн, алдар нэр чамд нэг л өдөр ирмой.
Аяа, Ахуйн үр!
Зүрх сэтгэл чинь энэхүү мөнхийн, гандан бууршгүй эрхшээл хийгээд өнө эртний үүрдийн амьдралыг хүсэх ахул мөнх бус зуурдын эрх мэдлийг орхин од!
Аяа, Ахуйн үр!
Энэ ертөнцийн амьдралыг бүү хөөцөлд. Учир нь, Бид алтыг галаар туршиж, зарц нараа алтаар туршдаг буюу.
Аяа, Хүмүүний үр!
Чи алтны хойноос хөөцөлдөж, харин Би чамайг түүнээс эрх чөлөөтэй байгаасай гэж хүснэм. Чи баялаг бүхнийг алтанд буй мэтээр үздэг бол Би баялаг бүхнийг чиний алтнаас ангижирсан байдлаар чинь тодорхойлдог. Амьдралаараа тангараглая! Энэ бол Миний эрдэм мэдлэг, харин тэр бол чиний хий шохоорхол, тиймээс Миний зам чинийхтэй хэрхэн нийлж чадах.
Аяа, Хүмүүний үр!
Алдрын яндашгүй эрдэнэсээс, мөнхийн амсар дүүрэн буянгаас дээдийн оронд хүртэхийн тулд Миний баялгийг Миний ядууст гар таталгүй өгч тараагтун. Амьдралаараа тангараглая! Гэхдээ зүрх сэтгэлээ өгөх нь улам ч бахдалтай гэдгийг Миний нүдээр харж чадваас чи олж үзэх бөлгөө.
Аяа, Хүмүүний үр!
Ахуйн сүм болбоос Миний Сэнтий мөн. Намайг түүнд залахын тул, тэнд тавтай тухтай байлгахын тул түүнийг аливаа бүхнээс цэвэр ариун байлгагтун.
Аяа, Ахуйн үр !
Чиний зүрх бол Миний оршихуйн орон мөн, түүнд Намайг залахын тул зүрхээ ариутгагтун. Чиний сүнс бол Миний үүдэл нээлтийн орон мөн. Миний тодруулалд зориулж сүнсээ ариусгагтун.
Аяа, Хүмүүний үр!
Миний цээжинд гараа хүргэгтүн, тэгвээс Би чиний дээр туяаран гэрэлтэн дээшлэх болой.
Аяа, Хүмүүний үр!
Миний хурмастад тэмүүлэн орогтун, тэгвээс дахин золгохуйн баяслыг олж, арилшгүй мөнх алдрын бумбанаас юутай ч зүйрлэшгүй охь дарс инчлэх буюу.
Аяа, Хүмүүний үр!
Хоосон мөрөөдөл, дэмий төсөөлөлдөө завгүй автан олон өдөр чинь урсан оджээ. Хэтдээ чи бас л орондоо нойрмоглон хэвтсээр байх уу? Тэнгэрийн Наран чанд орой дээр чинь голлосон тул нойрноосоо сэрж, тансаг сайхан туяаг нь тусган авагтун.
Аяа, Хүмүүний үр!
Ариун Уулын оргилоос алтан туяа гийж, зүрхний чинь Синайд гэгээрлийн сүнс амьсгаланхан байна. Хоосон мөрөөдлийнхөө гивлүүрийг хуулан хаяж, Миний өргөөнд багтагтун, чингэвээс мөнх амьдралын хутаг олж, Надтай учрах ерөөл тавилан бүрдмү. Тийнхүү чамайг үхэл ч дайрахгүй, өтлөлт, шаналал ч ороохгүй.
Аяа, Хүмүүний үр!
Миний мөнхжил бол Миний үр бүтээл мөн, түүнийг Би чамд зориулж бүтээсэн тул өөрийн сүмийг түүгээр хучигтун. Миний нэг нэгдмэл чанар бол Миний бүтээл, түүнийг чамд зориулан буй болгосон, түүнийг чи өмсөж амьдрагтун, тэгэх аваас чи үүрийн үүрд Миний мөнх чанарын илэрхийлэл болж явах болой.
Аяа, Хүмүүний үр!
Миний эрхэмсэг чанар бол чамд хүртээх бэлэг, Миний сүр жавхлан бол чамайг энэрэн өршөөхийн шинж тэмдэг. Надад зохилтой бүхэн хэнд ч үл ойлгогдох, хэнд ч үл төсөөлөгдөх. Үүнийг Би чухамдаа өөрийнхөө нууцсын сан, зарлиг лүндэнгийнхээ хөмрөгт чанд хадгалнам. Энэ нь зарц нараа хайрлан энэрэх, хүн ардаа нигүүлсэх сэтгэлийн минь бэлэг тэмдэг болой.
Аяа, Тэнгэрлэг бөгөөд үл үзэгдэх мөн чанарын үрс!
Намайг хайрлан сүслэхүйд та нарт саад тохиолдох, Намайг санан дурсахуйд хүмүүст бэрхшээл учрах болно. Учир нь Намайг танин мэдэх оюун ухаан мөхөс, Намайг багтаах зүрх сэтгэл хомс.
Аяа, Гоо сайхны үр!
Өөрийн сүнс, Өөрийн ивээл хайраараа тангараглая! Өөрийн энэрэл өршөөл, Өөрийн гоо сайхнаараа тангараглая! Сүр хүчний хэлээрээ чамд нээн хүч чадлынхаа бийрээр чамд бичиж соёрхсон бүхнээ Би Өөрийн байр суурь, Өөрийн дуу хоолойны ая эгшигт бус, харин зөвхөн чиний ойлгон ухаарах чадварт тохируулсан бөлгөө.
Аяа, Хүмүүний үр!
Яагаад би та нарыг ив ижилхэн хумхын тоосоор бүтээсний учрыг мэдэх үү? Нэгийг нь нөгөөгөөгөөр нь дээрэлхүүлэхгүй байхын тулд юм шүү. Хэрхэн бүтээгдсэнээ сэтгэлдээ ямагт санаж явагтун. Ажил үйлс, амь амьдрал бүхнээрээ нэг нэгдмэл байдал, огоорлын мөн чанарыг тунхаглаж байгаасай хэмээн ижилхэн бодгаль чанараас та нарыг бүтээсэн тул та нар нэг л сэтгэл санаатай байж, нэг л хос хөлөөр явж, нэг л амаар идэж, нэг л газар нутагт багтан амьдрагтун. Та нарт өгөх Миний зөвлөмж энэ буюу, аяа, гэрлийн чуулган! Гайхамшигт Алдарын модны жимсий нь хүртэхийн тулд энэхүү зөвлөмжийг дагасугай.
Аяа, Оюун Санааны үрс!
Та нар бол Миний эрдэнэсийн сан, учир нь Би Өөрийн ид шидийн сувд эрдэнэс, Өөрийн эрдэм мэдлэгийн үнэт дээжийг та нарт хадгалуулсан бөлгөө. Тэдгээрийг миний зарц нарын дунд буй харь этгээдүүдээс, Миний ард түмний дунд буй бурхангүйчүүдээс хамгаалж бай.
Аяа, “Би” гэсэн үзлийн хаант улсад Өөрийн бодгаль чанарыг алдаагүй Түүний үр!
Өөрийн ариун чанарын анхилуун үнэр бүхнээ Би чамд шингээж, Өөрийн үгийг бүхэлд нь чамд нээж, чамаар дамжуулан Өөрийн буян хишгийг төгс бүрдүүлж, Өөрийн биед хүссэн бүхнээ чамд хүссэн гэдгийг мэдтүгэй. Тиймээс Миний хүслийг дагаж, Надад талархаж яв.
Аяа, Хүмүүний үр!
Бидний чамд зориулж нээсэн бүхнийг сүнснийхээ хүрдэнд гэрлийн бэхээр бичиж сийлэгтүн. Хэрэв ингэх чадал дутваас зүрхээрээ бэх хийгтүн. Хэрэв бас ингэх чадал дутваас Миний зам мөрд дуслуулсан улаан цусан бэхээрээ бичигтүн. Энэ нь Надад юунаас ч илүү тансаг бөгөөд ийм гэрэл үүрд мөнх орших буюу.
Аяа, Гэгээрэхүй ухаантан, сонсохуй сонортон хүмүүс ээ!
Хамгаас Хайртын анхны дуудлага хэмээвээс: Аяа, эрдэнийн шидэт алтан гургалдай! Оюун санааны сарнайн цэцэрлэгээс өөр орших орон бүү эрэгтүн. Аяа, хайр сэтгэлийн Соломоны элч! Хамгаас хайртын Шебагаас өөр орон гэр бүү эрэгтүн! Аяа, үхэшгүй мөнхийн галт гарди шувуухай! Итгэлийн уулнаас өөр газар үүрээ бүү зас! Сэтгэл зүрхнийхээ жигүүрээр эцэсгүйн орон зайд дүүлэн, өөрийн зорилгод хүрэхийг тэмүүлвээс чиний амьдрах орон чинь энэ мөн болой!
Аяа, Оюун Санааны үр!
Шувуу бүхэн үүрээ эрж, алтан гургалдай сарнайн сайханд хоргоддог байхад харин хүмүүний сэтгэлийн шувуухай зуурдын тоос шороонд дурлан, үүрдийн үүрнээсээ холдохыг хүсдэг. Хайхрамжгүй назгайн намгийг үзээд, тэнгэрлэг оршихуйн алдрыг үл ажих нь харамсмаар. Ай халаг! Юутай хачирхалтай, юутай харамсалтай: балга усны хойноос балайран хөөцөлдөж Тэнгэрлэг дээд Андынхаа давалгаалах тэнгис далайгаас төөрч, гэрэл туяа цацарсан тэнгэрийн заадсаас тэд алсрах авай.
Аяа, Анд нөхөр!
Зүрхнийхээ цэцэрлэг дотор зөвхөн хайрын сарнайг тарьж ургуул, хайр хүслийн алтан гургалдайнаас бүү хөндийр. Шударга ариун зантны үерхлийг дээдэлж, бурхангүй бурангуйчуудын нөхөрлөлөөс зайлсхийж яв.
Аяа, Шударга ёсны үр!
Хайр сэтгэлтэн өөрийн хайртын оршин буй орон руу явахаас өөр хаашаа явах билээ? Сэтгэл зүрхнийхээ хүсэл мөрөөдлөөс хол байгаа эрэлчин амрыг олж чадна гэж үү? Үнэнч хайр сэтгэлтний хувьд хайрттайгаа дахин учрах нь амьдрал бөгөөд харин салан хагацах нь үхэл байдаг. Тэсвэр тэвчээр цээжинд нь үл багтаж, зүрх сэтгэл нь амар тайвныг эс олох буюу. Хайртынхаа оршин буй газар яаравчлан хүрэхийн төлөө үй түмэн удаа аминаасаа хагацсан ч тэр буцахгүй.
Аяа, Тоосны үр!
Би чамд чин үнэнийг өгүүлье. Хүмүүсийн дотроос хамгийн их төөрч будилсан хүмүүс гэвэл ямагт дэмий хоосон маргаанд оролцож, ахан дүүсийнхээ дээр гарах гэж эрмэлздэг хүмүүс болой. Аяа, ах дүү нар минь, сонс! Ам хэл бус, ажил хэрэг тань дээдийн чимэг болог!
Аяа, Газрын үр !
Сэтгэл зүрхэнд чинь атаархлын өчүүхэн жижигхэн ч өргөс үлдсэн хэвээр байх аваас Миний үхэшгүй мөнхийн өргөөнд хэзээ ч үл хүрэх, Миний ариун чанарын Хаант улсаас үлээх анхилуун ариун агаараар үл амьсгалмой гэдгийг үнэнхүү мэдэж ав.
Аяа, Хайр сэтгэлийн үр !
Чи болбоос сүрлэг дээд өндөрлөг, хайрын хурмастын модноос нэг алхмын зайд байна. Тиймээс чи нэг алх, дараа нь дахин нэг алхаад мөнхийн оронд нэвтэрч, үүрдийн төгс асарт хөл тавин орж, алдрын бийрийн нээснийг чих тавин сонордогтун.
Аяа, Алдрын үр!
Ариусахуйн замаар түргэн урагшилж, Надтай учран золгох тэнгэрийн оронд нэвтрэн орогтун. Зүрх юугаан сүнсний галаар ариутган, Дээд Тэнгэрийн өргөөнд орохыг яаран зоригтун.
Аяа, Хормын сүүдэр!
Эргэлзэхүйн доод шатнаас мултарч, үл эргэлзэх итгэлийн эрхэм дээд өндөрлөг өөд авиран гарагтун. Үнэний нүдээ нээж, гивлүүрийн цаадах Гоо сайхныг харан бүхий л бүтээгч дотроос нэн гайхамшигт суу билигт Эзэн тэнгэр бадартугай хэмээн өчмой!
Аяа, Хүслийн үр !
Хичээнгүйлэн сонс: мөнхийн гоо сайхныг зуурдын нүдээр хэзээ ч таньж үл чадах, үхээнц зүрх хагдарсан цэцгээс өөр юунд ч үл хорогдох. Учир нь, ижил нь ижлээ эрдэг, ижилтэйгээ нийлэн баясдаг буюу.
Аяа, Тоосны үр!
Нүдээ анигтун. Чингэвээс Миний Гоо сайхныг хармой. Чихээ тагла. Чингэвээс Миний яруу эгшиглэнт дуу хоолойг сонсмой. Өөрийн сурсан бүхий л эрдмээсээ өөрийгөө чөлөөлж, Миний эрдэм мэдлэгээс өчүүхнийг ч болов хүрт. Эд баялгаасаа өөрийгөө ариусган чөлөөлж, Миний үүрдийн баялгийн далайнаас мөнхийн хувиа таслагтун. Миний Гоо сайхнаас бусад бүх зүйлд мэлмийгээ тагла, Миний үг айлдвараас бусад бүхэнд чихээ бөглө, Миний тухай мэдлэгээс өөр бусад мэдлэгээс өөрийгөө чөлөөл, чингэвээс чи хурц хараатай, сонор чихтэй, цэвэр ариун зүрх сэтгэлтэйгээр Миний ариун өргөөнд нэвтрэн орох болмой.
Аяа, Хоёр мэлмийт хүмүүн!
Нэг нүдээ аниж, нөгөөгийг нь нээ. Энэ дэлхий хийгээд түүнд байгаа бүхэнд нэг нүдээ аньж нөгөө нүдээрээ Хайрт Эзнийхээ бишрэм Гоо сайхныг харж яв.
Аяа, Миний үрс!
Тэнгэрийн тагтааны аялгууг сонсолгүйгээр туйлын үгүйрлийн гүнд та нар живж, сарнайн гоо сайхныг үзэлгүйгээр газар шороо, усанд эргэж очих вий хэмээн эмээнэ, Би.
Аяа, Анд нөхөд !
Зуурдын гоо сайхны хойноос хөөцөлдөн Мөнхийн гоо сайхныг бүү март, зуурдын энэ тоост орчлонгийн юмсад дур хүслээ бүү зориул.
Аяа, Оюун санааны үр!
Ариун гэгээний алтан гургалдай эрдэнийн нууцсыг чамд нээхээ больж, тэнгэрлэг аялгуу, дээд тэнгэрийн дуу хоолой та нарыг орхих цаг ирнэ.
Аяа, Хайхрамжгүй назгайн мөн чанар!
Үй түмэн эрдэнийн хэл нэгэн айлдварт багтаж, үй түмэн эрдэнийн нууцас нэгэн аялгуугаар нээгдсэн буюу. Гэтэл түүнийг сонсох чих ч алга, түүнийг ойлгох зүрх ч алга.
Аяа, Нөхөд минь!
Хязгааргүйн орон зайд хөтлөх үүд хаалга өргөн дэлгээстэй, хайртын орон гэрийг хайрлагчдынх нь цус чимэглэсэн байвч, цөөн хэдээс бусад нь хурмастын эл хотыг үл үзсэн хэвээр байх агаад эдгээр цөөн хэдийн дотроос ч хуруу дарам цөөн хэдхэнийнх нь сэтгэл ариун, зүрх нь цэвэр тунгалаг байв.
Аяа, Эрхэм дээд диваажинд залрагчид!
Дээдийн ариун орны чөлөөнд хурмастын диваажингийн дэргэд нэгэн шинэ цэцэрлэг буй болсон агаад дээдийн оронд суугчид, мөнхийн дээд диваажинд залрагчид түүнийг хүрээлэн буйг итгэл сүсгийн үр садад зарлагтун. Энэхүү байр сууринд хүрч, алтан зул цэцэгнээс нь хайрын оньсогыг тайлан нээж, ашид мөнхийн үр жимснээс нь тэнгэрлэг, төгс бүрдсэн мэргэн ухааных нь нууцыг олж мэдэхийг та нар эрмэлзэгтүн. Түүнд заларсан тэдний мэлмий тунгалаг, өлмий бат орших ажээ!
Аяа, Анд нөхөд!
Гайхамшигт диваажинд ерөөл тэгширсэн ариун хүрээлэн орчинд ургасан амьдралын модны сүүдэр дор Миний өмнө та бүгд хуран цугласан байсан тунгалаг сайхан тэр нэгэн өглөөг мартлаа гэж үү? “Аяа, Миний анд нөхөд, Өөрсдийнхөө хүсэл зоригийг Минийхээс дээгүүр бүү тавь, Миний та нарт хүсээгүйг бүү хүс, тоост ертөнцийн шунал хүслийн хар толбо суусан үхээнц зүрхтэйгээр Надад бүү бараалхагтун” хэмээсэн Миний гурван ариун сургаалыг сонсоод догдлон биширч байсан биш үү, та нар? Сэтгэл зүрхээ ариусгах аваас яг энэ мөчид тэр сайхан газар, тэр л орчин ой тойнд чинь дахин сэргэж, Миний айлдварын үнэн та бүгдэд илт болох буюу.
Диваажингийн тав дахь Илгээлт, ариун сургаалын найм дахь мөрөнд Тэрээр айлдсан нь:
Аяа, цалгар назгайн завагт үхээнц мэт хэвтэх та нар!
Эрин цаг өнгөрсөөр, алтан амь нас чинь төгcгөлдөө тулжээ, гэвч та нараас нэгээхэн ч цэвэр ариун амьсгаа Манай ариун оронд ирсэнгүй ээ. Та нар үл сүсэглэхүйн тэнгист умбасан атлаа Бурханы цорын ганц шүтлэгийг дагадаг хэмээн ам хэлээрээ өчнөм. Миний жигшсэнийг та нар хайрлан биширч, Миний дайсантай анд нөхөр болж байна. Гэсэн хэдий ч Миний газар дэлхий та нараас залхаж, юм бүхэн та нараас зайлан холдож буйг үл анзааран та нар Миний газар дэлхий дээр дээрэнгүй ханхалзаж, өөрсдөөрөө сэтгэл хангалуун алхлана. Хэрэв та нар нүдээ сайтар нээх аваас энэ баяр баясгалангаас чинь түмэн зовлон дээр, энэ амьдралаас чинь үхэл дээр гэдгийг үнэхээр харах биз ээ.
Аяа Бужигнан буй тоосны хэлбэр!
Би чамтай харилцахыг хүснэм, гэтэл чи Надад үл итгэх. Эсэргүү үзлийн чинь илд итгэлийн чинь модыг тас огтолжээ. Хэзээд Би чамд ойр байх, харин чи Надаас улам зугатан холдох буюу. Би чамд цаглашгүй алдрыг сонгон зориулсан байх, харин чи цаглашгүй гутамшгийг шилэх буюу. Гэвч бас цаг байна, тэр боломжийг бүү алд, эргэж ирэгтүн.
Аяа, Хүслийн үр!
Мэргэд хийгээд хэрсүү ухаантан нар олон жил чармайн тэмцсэн авч Хамгаас жавхлант Түүнд ойртсон нь үгүй. Тэд насан туршдаа Түүнийг эрсэн хэдий ч Түүний гэгээн дүрийг үзсэнгүй. Харин чи ямар ч чармайлт гаргалгүй өөрийн зорилгодоо хүрч, ямар ч зүтгэл гаргалгүй эрсэн зүйлээ олсон буюу. Гэсэн ч чи өөрийнхөө “Би” үзлийн нөмрөгөөр биеэ бат ороосны учир нүд чинь Хайрт Түүний гоо сайхныг эс үзэж, гар чинь Түүний өмсгөлийн хормойг ч эс шүргэжээ. Нүдтэйгийн учир юу билээ харагтун, гайхагтун.
Аяа, Хайрын хотод оршин суугчид!
Зуурдын салхи мөнхийн зулыг сэвэлзүүлж, тэнгэрийн Залуугийн гоо сайхан харанхуй тоосонд далдлагдсан байна. Хайрын эздийн тэргүүн эзэн Тэрбээр дарангуйлагчдын гарт хэлмэгдэж, тэнгэрийн ариун гэгээн тагтаа нь ууль шувуудын саварт хоригдсон байна. Алдрын асар, тэнгэрийн чуулганд залрагчид уйлан шаналж байхуйд та нар санаа амар, сэтгэл өег сууцгааж, өөрсдийгөө үнэнч нөхөд хэмээн өргөмжилж байна. Та нарын бодол төсөөлөл юутай хоосон дэмий вэ?
Аяа, Мунхаг хэрнээ сэцэн нэр зүүгсэд!
Дотроо Миний сүргийг довтлох санаа өвөртөлсөн чоно мөртлөө, юунд малчин болж зүсээ хувиргана вэ? Та нар үүрийн өмнө сүүмэлзэх одтой адил буюу. Харваас тэр од хурц гэрэлтэх мэт боловч үнэндээ Миний хот руу ирж буй жингийн хөсгийг төөрөлдүүлж хөнөөх буюу.
Аяа, Гаднаа гяланцаг, дотроо паланцаг !
Та нар, тунгалаг боловч гашуун ус лугаа адил. Гаднаасаа болор тунгалаг боловч тэнгэрлэг Туршигчийн таалалд нэгээхэн дусал нь ч үл нийцэх буюу. Тийм ээ, нарны туяа тоосонд ч, толинд ч адил тусах боловч од газраас ялгаатай байдгийн адил тусгал нь ялгаатай, хэмжээлшгүй их ялгаатай!
Аяа, Үгээрээ надтай нөхөрлөгч!
Эргэцүүлэн тунгаа. Анд нөхөр, дайсан хоёр нэгэн зүрхэнд багтаж чаддаг хэмээн сонссон уу? Анд нөхрөө гэрт нь оруулахын тул дайснаа хөөн зайлуул.
Аяа, Тоосны үр!
Газар дэлхий болон тэнгэрт буй бүх юмсыг Би чамд заяасан. Харин хүний зүрхийг л Би өөрийн гоо сайхан, алдрын орон болгон үлдээсэн болой. Гэтэл чи Миний орон гэрийг Надаас өөр хэн нэгэнд өгсөн. Миний ариун гэгээний тодруулал Өөрийн орон байранд орж үзвээс тэнд гаднын нэгэн байхыг харж, орон байргүй болсон тул Хамгаас хайртынхаа өргөөнд буцаж заларсан. Гэсэн хэдий ч Би чиний гутамшгийг хүсээгүй учраас нууцыг чинь хадгалсан бөлгөө.
Аяа, Хүслийн мөн чанарын үр!
Олон ч удаа Би үүрийн гэгээнээр Цаглашгүйн орчлонгоосоо гарч чиний орогнон буй гэрийг өнгийхүйд цэнгэлийн орон дээрээ Надаас өөр бусадтай завгүй байхыг чинь олж харсан болой. Тиймээс Би сүнсний аянга цахилгаан мэтээр алдрынхаа ариун оронд эргэж ирсэн бөгөөд дээд орны ариун гэгээний эздэд энэ талаар үл дурдсан болой.
Аяа, Хишгийн үр!
Өөрийн зарлигийн хумхын тоосоор чамайг хов хоосонгийн үлдэгдлээс бүтээн газар дээр амьдруулсан бөгөөд олон жижиг барманасыг эвцүүлэн туршин байж, чиний хүмүүжлийг бүрдүүлсэн билээ. Эхийнхээ хэвлийгээс гараахаас чинь өмнө Би чамд ариун сүүний хоёр ундарга, өөрөөөсөө дээш харах нүд, чамайг хайрлах хүмүүсийн зүрхийг урьдаас заяасан билээ. Хайр өршөөлдөө чамайг багтаан хишиг буяны дээдээр бойжуулан, энэрэл өршөөлөөрөө сахин хамгаалсан. Чамайг Миний мөнхийн эрхшээлд хүрээсэй гэж, Миний үл үзэгдэх хишгийг хүртээсэй гэж энэ бүхнийг хийсэн болой. Гэтэл чи үүнийг үл хайхарсаар өсөж том болонгуутаа Миний өглөг хишиг бүхнийг үл тоомсорлон, дэмий хоосон төсөөлөлдөө бүрэн автаж, аливааг ор тас мартан Анд нөхрийнхөө үүд хаалганаас нүүр буруулж, Миний дайсны өргөөнд суурьшсан буюу.
Аяа, Энэ замбуулингийн боол!
Олон удаа үүрийн туяанаар Миний өршөөл хайрын сэвшээ чиний дээгүүр үлээхүйд залхуурлын хэвтэртээ дуг нойрондоо дугжран байхыг чинь үзээд чиний тавиланд харамсан гасалж, ирсэн газар луугаа буцсан буюу.
Аяа, Газар дэлхийн үр!
Хэрэв Намайг хүсвэл, Надаас өөр бусдыг бүү эр. Хэрэв Миний гоо сайхныг эрвэл дэлхий болон түүн доторх бүхнийг үзэх нүдээ ань, учир нь Миний хүсэл зориг ба бусдын хүсэл зориг хоёр гал ус мэт харшлах агаад нэгэн зүрхнээ хамт оршиж эс чадах.
Аяа, найрсагаар угтуулсан үл таних хүн!
Зүрхний чинь дэнлүүг Би хүчит мутраараа асаасан, түүнийг хувиа хичээх үзэл, шунал тачаалын сөрөг салхинд бүү бөхүүл. Өвчин эмгэг бүхнийг чинь илааршуулах зүйл гэвэл Намайг дурсан санах явдал, үүнийг бүү умарт. Намайг хайрлах хайраа өөрийн эрдэнэ болго, түүнээ нүднийхээ цөцгий, амь амьдрал мэт сахин дээдлэ.
Аяа, Миний дүү!
Миний амнаас гарах бал мэт тансаг сургаалыг сонсож, эрдэнийн шидэт ариун гэгээн ундралыг Миний амтат үгсээс хүртэгтүн. Миний тэнгэрлэг сэцэн ухааны үрийг зүрхнийхээ ариун хөрсөнд суулгаж үл эргэлзэх итгэлийн рашаанаар ундаал, чингэвээс сэтгэл зүрхний чинь ариун дагшин хотод Миний эрдэм мэдлэг, сэцэн ухааны хэлгий цэцэг дэлбээлэн цэцэглэмү.
Аяа, Миний диваажингийнхан!
Хайр энэрлийн мутраараа Би диваажингийн ариун цэцэрлэгт чиний хайр, нөхөрлөлийн нялх модыг тарьж, өөрийн эелдэг сайхны рашаанаараа түүнийг ундаалсан бөгөөд үр жимсээ өгөх цаг нь айсуй. Түүнийг арчлан хамгаалж, хүсэл, шуналын дөлөнд бүү автуул.
Аяа, Миний анд нөхөд!
Алдаа дутагдлынхаа дэнлүүг унтрааж, тэнгэрлэг удирдамжийн мөнхийн зулыг зүрхэндээ бадмалуул. Учир нь удахгүй хүн төрөлхтнийг туршигчид хамаг бүхэнд бишрэгдсэн Түүний ариун гэгээн ахуйд гагцхүү хир буртаггүй цэвэр ариунтны буянт чанар ба ажил үйлсийг хүлээн авах болмой.
Аяа, Тоосны үр!
Ангаж цангалаа гэж хүн хүсээгүй цагт рашаан аягалах хэрэггүйн адил, амраг хайртынхаа гоо үзэсгэлэнг үзээгүй атлаа сэтгэлээ яаран илчлэх хэрэггүйн адил, үгийг чинь сонсоё гэсэн хүн байхгүй цагт амаа үл нээх нь суут мэргэний чанар болой. Тиймээс сэтгэл зүрхнийхээ ариун хөрсөнд сэцэн ухаан, эрдэм мэдлэгийн үрийг тарьж, тэнгэрлэг мэргэний хэлгий цэцэг тоос шорооноос бус харин чиний сэтгэл зүрхний угаас нахиалан дэлбээлтэл түүнээ нууцлан хамгаал.
Илгээлтийн эхний шадад бичигдэж Бурханы гэгээн асарт нууцлагдсан эрдэнийн сургаал үг хэмээвээс:
Аяа, Миний зарц!
Мөхөж үгүй болох зүйлсийн төлөө мөнхийн ноёрхлыг бүү орхи, хорвоогийн дур хүслийн төлөө хөөцөлдөн хурмастын орноос бүү гээгд! Нигүүлсэхүйн бийрээс ундарсан мөнх амьдралын булаг гэдэг энэ. Түүнээс амссан бүхэн өлзийт мөрийг олох.
Аяа, Оюун санааны үр !
Хавчиг торноосоо мултран гарч, хайр сэтгэлийн галт гарди шувуу мэт ариун гэгээний хан хурмастад нисэн од. Нэгэн биеэсээ ангижран, нигүүлсэхүйн санаагаар жигүүрлэн, хурмастын ариун диваажинд очигтун.
Аяа, Тоосны үр!
Өнгөрөн одох нэгэн өдрийн амгаланд өеглөж бүү ташуур, үүрд мөнхийн амгаланг харин өөрөөсөө бүү алд. Өнийн их аз жаргалын цэцэрлэгийг зуурдын энэ хорвоогийн тоос шороогоор бүү соль. Хар гэрээ орхиж, хан хурмастын орныг зорь, зуурдын торноосоо мултран гарч, Хязгааргүй диваажин өөд жигүүрлэн дүүл!
Аяа, Миний зарц!
Энэ замбуулингийн хүлээснээс өөрийгөө мулталж, “Би” гэсэн үзлийнхээ шоронгоос сэтгэл санаагаа чөлөөл. Дахин эргэж ирэхгүй энэ завшааныг ашигла.
Аяа, Миний шивэгчний үр!
Мөнхийн тусгаар тогтнолыг хэрэв чи үзвээс, энэхүү хоромхон зуурын орчлонг үүрд орхихыг яарах буюу. Гэхдээ нэгийг нь чамаас нууж, нөгөөг чамд нээхийн учрыг зөвхөн ариун сэтгэлтэй нэгэн л тунгаан ухаарах буюу.
Аяа, Миний зарц!
Худал хуурмагаас зүрх сэтгэлээ ариутган, атаархалаас ангижран, ариуслын тэнгэрлэг өргөөнд орохыг шамд.
Аяа, Миний анд нөхөд!
Андын хүсэл таалалд нийцэх замаар алхагтун, Түүний хүсэл таалал болбоос Түүний зарц нарын хүсэл таалалд оршдогийг мэдэж ав. Энэ нь анд нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр гэрт нь хөл тавин орох юмуу эд хөрөнгөнд нь гар хүрэх ёсгүй, өөрийнхөө хүсэл тааллыг нөхрийнхөө хүсэл тааллаас дээгүүр тавьж, түүнийг өөрийн ашигт нийцүүлэх ёсгүй гэсэн үг буюу. Ухаарах чадвартай та нар үүнийг тунгаан эргэцүүл!
Аяа, Миний сэнтий нэгтэн!
Муу муухайг бүү сонс, муу муухайг бүү үз, өөрийгөө бүү гутаа, уйлж санаа алдаад ч хэрэггүй. Өөрийн тухай муу муухайг сонсохгүй гэвээс муу муухай зүйлийг бүү яригтун, өөрийн алдаа дутагдлыг томруулахгүй гэвээс бусдын алдаа дутагдлыг бүү хэтрүүлэн ярь. Өөрийн гутамшгийг дэлгэхгүйн тулд бусдын гутамшгийг бүү хүс. Хоромхон зуурын энэ богинохон амьдралдаа хир толбогүй цэвэр саруул ухаантай, чин ариун сэтгэлтэй, цэгээн тунгалаг бодолтой, гэгээн цагаан бодь мөртэй явагтун. Чингэвээс эрх чөлөө, баяр баясгаланг эдлэн зуурдын эгэл биеэ орхин, шидэт диваажинд дэвшин орж, эгүүрдийн жаргалын оронд мөнх залрах болой.
Аяа, Газар дэлхийн хүслийг дагагчид! Яасан харамсалтай вэ!
Та нар Хайрт Түүний дэргэдүүр гялбаа мэт цахилан өнгөрч зүрх сэтгэлээ ад шулмын бодол мөрөөдөлдөө хандуулжээ. Та нар өөрсдийн хоосон дэмий төсөөллийн өмнө сөгдөн түүнийгээ үнэн хэмээн нэрлэж, өргөсийг үзээд сарнай хэмээн эндүүрчээ. Тиймийн учир та нараас нэгэхээн ч ариун амьсгаа үл гарах агаад огоорлын сэвшээ ч та нарын зүрх сэтгэлийн тал хөндийд сэвэлзэх нь үгүй байна. Та нар Хайртын халамж зөвлөгөөг салхинд сэгсэрч, зүрхнийхээ хүрднээс арчин арилгаж, тал хээрийн зэрлэг араатан мэт хүсэл шуналынхаа бэлчээрт идээшлэн явна.
Аяа, Зам нийлсэн ах дүүс !
Юунд та нар Хайрт Түүнийг дурсан санахаа умартаж, Түүний ариун оронд ойртохоос хол хөндий байхыг хүснэ вэ? Гоо сайхны бодь гал нь эгэлгүй асрын сүүдэрт, энгүй алдрын сэнтийд заларч байхад та нар дэмий хэрүүл тэмцлээр завгүй хөөцөлдөж байх ч гэж дээ. Ариун гэгээний анхилуун сүрчиг анхилж, хишиг буяны тансаг сэвшээ сэвэлзэж байхад та нар бүгдээрээ мэдрэх чадвараа алдчихаад зовлон гачланд унасан байх ч гэж дээ. Та нар болон та нартай зам нийлэн алдсын мөрөөр чинь мацагчид яасан хөөрхийлөлтэй вэ?
Аяа, Дур хүслийн үрс!
Бардам зангийнхаа дээлийг тайлж, дээрэлхүү зангийнхаа нөмрөгөө хая.
Хамгийн ариун мөрүүдийн гутгаарт бичигдэж, Бадмаараг Илгээлтнээ үл үзэгдэхүйн бийрээр сйилэгдэн нээгдсэн инү:
Аяа, Ах дүүс!
Нэг нэгэнтэйгээ эв эеийг сахиж, доорд зүйлсэд бүү дурла. Алдар гавъяанд бүү онгир, доромжлол гутамшгаас бүү ич. Өөрийн гоо сайхныг барьж тангараглая! Би юм бүхнийг тоосноос бүтээсэн, юм бүхнийг тоосонд нь буцаах буюу.
Аяа, Тоосны үр!
Шөнө дунд ядуусын санаа алдан гансрах дуу дуулдаж байгаа тухай баячуудад хэл, ийнхүү тэднийг хайхрамжгүй байдалдаа сүйрлийн замд орж, Элбэг дэлбэгийн Модноос хүртэх аз дутах вий хэмээн болгоомжлуул. Өглөг буян үзүүлж, өгөөмөр байх нь өнөө Миний л шинж чанар. Миний ариун нандин чанараар өөрийгөө чимсэн хүн бүр өлзийт мөрийг олох.
Аяа, Хүсэл шуналын уршиг!
Атаа жөтөөтөн хэзээд хоосон явах, сэтгэлээр хангалуун нь хэзээд хайр хүндэтгэл хүлээхийн учир, атаа жөтөөгөө хол хая, сэтгэл хангалуун байдалд ямагт эрмэлз.
Аяа, Миний шивэгчний үр!
Ядуурсны хойно баяжиж болох, баяжсаны хойно ядуурч болохын учир, ядуурваас зовох хэрэггүй, баяжваас онгирох хэрэггүй. Бурханаас бусад өөр зүйлээр ядуу байх нь чамд соёрхсон үнэт хишиг тул түүнийг бүү чамла, учир нь, эцэс сүүлдээ тэр чинь чамайг Бурханаар баян болгох агаад “Үнэндээ та нар бол ядуус” гэх айлдвар ба “Бурхан л бүхний эзэн” гэх ариун үгсийн утга учрыг чи тайлж, энх саруул өглөө мэт энгүй их энэрэл хайр тээсэн зүрхний тэнгэрийн заадсаар гэрэлтэн элбэг, дэлбэгийн сэнтийд залран элбэрэл авралд нь багтах бөлгөө.
Аяа, Хайхрамжгүй байдал ба хүсэл шуналын үрс!
Та нар Миний анд нөхрийг үлдэн хөөж, Миний дайсныг Миний гэрт орогнуулсан, учир нь та нарын зүрх сэтгэл Надаас өөр бусдыг хайрласан бус уу. Анд нөхрийн өчлийг анхааралтай сонсож, Түүний диваажинд хандагтун. Энэ дэлхийн анд нөхөд өөрсдийн ашиг сонирхлоо бодож нэг нэгнээ хайрласан болдог байхад жинхэнэ Анд нөхөр та нарыг та нарын төлөө л урд ч өнөө ч хэзээд хайрладаг. Үнэхээр Тэрбээр та нарын замыг заахын тулд түмэн зовлонг амссан биш үү. Ийм Анд нөхрийнхөө итгэлийг бүү хөсөрдүүл, Түүн рүү яаран оч. Хамаг алдар нэрсийн Эзэн Түүний бийрийн тэнгэрийн хаяанд мандсан үнэн ба итгэлийн сургаалын үүрийн туяа ийн буюу. Аюул зовлонгоос авран хамгаалагч, Дангаар оршигч Бурханы лүндэнг чих тавин сонс!
Аяа, Зуурдын баялагаар баярхагчид та нар!
Баялаг нь үнэндээ эрэлчин ба түүний эрэн хайж хүслийн хооронд, хайрлагч ба хайрлуулагчийн хооронд нүсэр том саад болдог гэдгийг мэдтүгэй. Цөөн хэдээс бусад баячууд Түүнд ойртож, сэтгэл хангалуун, амарлингуй байдлын хотод морилно гэж үгүй. Харин мөнхийн хаант улсад ойртож, хязгааргүй эрхшээлийн баялагаас хүртэхэд нь эд баялаг нь саад болдоггүй тэр баян хүн буянаар дэлгэрнэ. Агуу Их Алдарыг барьж тангараглая! Ийм баян чинээлэг хүний буян жавхаа нь газар дээр ард олныг наран гийгүүлэх адил тэнгэрийн орныхныг ч бас гэрэлтүүлнэ!
Аяа, Замбуулингийн баячууд!
Та нарт Би ядуусыг даатгасан, та нарт хүлээлгэсэн Миний итгэлийг бүү хөсөрдүүл, өөрсдийн тохь тухыг бүү гол болго.
Аяа, Хүсэл шуналын үр!
Эд баялгийн бузар буртгаас өөрийгөө чөлөөлж, ядуурлын ертөнцөд сэтгэл түвдэлгүй оч. Чингэвээс огоорлын ундрагаас мөнхийн амьдралын нанчид хүртэх буюу.
Аяа, Миний үр !
Бурхангүй, үл бүтэх хүмүүстэй нийлвээс уй гашуу ихэсч, үнэнч шударгатай нийлвээс зүрх сэтгэлээр ариусах буюу. Бурхантай нийлэхийг хүссэн хэн боловч Бурханы хайрт шавь нартай нийлэн нөхөрлөг, Бурханы үгийг сонсохыг эрмэлзсэн хэн боловч Түүний сонгомол шавь нарын үгийг чих тавин сонсог.
Аяа, Тоосны үр!
Сэрэмжлэгтүн! Бурхангүй нүгэлтэнтэй цуг бүү яв, үгсэж тэдэнтэй бүү нийл, учир нь ийм нөхөрлөл нь сэтгэлийн зулыг тамын гал болгох.
Аяа, Миний шивэгчний үр!
Ариун Сүнсний сахил хишиг эрвээс үнэнч шударгатай нөхөрлө, учир нь тэрбээр мөнхийн Хундагачны мутраас мөнх амьдралын рашааныг хүртэж, өглөөний тунгалаг агаар мэт үхэгсдийн зүрхийг амьдруулан гэрэлтүүлэх болой.
Аяа, Хайхрамжгүй хүмүүс !
Зүрх сэтгэлийн нууц илрэхгүй хэмээн бүү бод. Үгүй ээ, тэр нууц тод үсгээр сийлээстэй байдаг бөгөөд Бурханы мэлмийд илхэн харагдах буюу.
Аяа, Анд нөхөд!
Үнэнхүү Би та нарт хэлье, зүрх сэтгэлдээ агуулсан нууц бүхэн чинь Бидний өмнө илхэн бөгөөд гэгээн цагаан өдөр мэт тодхон буюу. Харин яагаад нууц хэвээр үлддэг хэмээвээс тэр нь та нарын гавьяа бус, Бидний өршөөл юм.
Аяа, Хүмүүний үр!
Энэрэл өршөөлийнхөө яндашгүй далайгаас шүүдрийн дуслыг замбуулингийн ард түмэнд Би илгээсэнсэн, гэтэл түүнээс хүртсэн нэгээхэнийг ч олсонгүй, бүгд эв нэгдлийн тэнгэрлэг дарснаас нүүрээ буруулан, эгшмэл булингараас уухыг хүсэж, зуурдын аяганд сэтгэл ханаж, мөнхийн гоо сайхнаас татгалзсан буюу. Тэдний баясан цэнгэсэн тэр ундаа жигшим болой.
Аяа, Тоосны үр!
Үүрдийн Хайрт Эзний өргөн барьсан хосгүй ундаанаас нүдээ бүү буруул, зуурдын булингарт шавхрууг бүү шохоорх. Ширгэшгүй амьдралын дарс дүүрэн завьяаг тэнгэрлэг Хундагачны мутраас тосон хүрт, тэгэх аваас дээдийн сэцэн ухааныг олж, үл үзэгдэх орны шидэт дуу хоолойг сонсох болой. Миний мөнхийн ариун дарсыг юунд түлхэн зайлуулж, зуурдын булингарт шавхрууг дээдэлснээ дор зорилготой та нар өчигтүн!
Аяа, Замбуулингийн ард түмэн!
Та нарыг үл үзэгдэх гай гамшиг мөрдөн мөшгиж, аюумшигт лай ланчиг угтан байгааг мэдэгтүн. Та бүхний үйлдсэн бүхэн Миний хараанаас алдарсан хэмээн бүү бод. Гоо сайхнаараа тангараглая! Үйлдсэн үйл бүхнийг чинь молор эрдэнийн хүрдэнд тод үсгээр Би Өөрийн бийрээр сийлсэн бөлгөө.
Аяа, Замбуулингийн дарлагчид!
Би шударга бусыг нэгээхэн ч өршөөхгүй хэмээн Өөртөө андгайлсан тул дарангуйллаа зогсоогтун. Нууц хүрдэндээ эргэлт буцалтгүй бичиж, тамгалан баталгаажуулсан гэрээс минь энэ буюу.
Аяа, Зөрүүдлэн босогчид!
Миний тэсвэр тэвчээр та нарыг давруулан, Миний он удаан жилийн хатуужил та нарыг хайхрамжгүй болгосон тул та нар хүсэл шуналын галт морио давируулан сүйрэлд хүргэх аюулт жимээр хурдлан давхина. Та нар Намайг мэдээгүй эсвэл анзаараагүй хэмээн бодно уу?
Аяа, Цагаачлагчид!
Намайг дурсаж байхын тулд чамд Би хэл заяасан, түүгээр гүтгэлэг чалчиж бүү бузарла. Хэрэв “би” гэсэн үзлийн гал чамайг эзэмдвэл бусдын бус өөрийн алдаа дутагдлыг сана. Учир нь та нарын хэн нь ч гэсэн бусдыг мэдэхээсээ илүү өөрийгөө сайн мэдэх буюу.
Аяа, Хоосон мөрөөдлийн үрс!
Мөнхийн ариун гэгээний тэнгэрийн хаяалбарт үүрийн туяа гэгээрэх тэр үед ад шулмын нууц явдал болоод шөнийн харанхуйд үйлдсэн нүгэл хилэнц бүхэн ил тод болж, замбуулингийн хүмүүсийн өмнө илрэхийг мэдтүгэй.
Аяа, Тоосноос ургасан зэрлэг өвс!
Та нар бохир гараараа хувцасаа барьдаггүй хирнээ юунд шунал тачаалаар бузартсан зүрхээрээ Надад ойртохыг эрэлхийлж, Миний ариун дагшин өргөөнд шурган орохыг эрмэлзэнэ вэ? Хүссэн зорилгодоо хүрэхээсээ даанч их хол байгааг чинь яахан тайлбарлах билээ.
Аяа, Адамын үр сад!
Ариун үг яриа, цэвэр ариун, бурханлаг ажил үйлс нь хурмастын алдрын диваажинд дүүлэн дэвжих болмой. Ажил үйлс чинь өөрөө өөрийгөө дөвийлгөх, бялдуучлан зусардах байдлын тортгоос цэвэршиж, алдрын өргөөний тааллыг хүртэхийн тулд чармайн хичээгтүн. Учир нь удахгүй хүн төрөлхтнийг туршигчид хамаг бүхэнд бишрэгдсэн Түүний ариун гэгээн ахуйд гагцхүү хир буртаггүй цэвэр ариунтны буянт чанар ба ажил үйлсийг хүлээн авах болмой. Тэнгэрлэг тааллын тэнгэрийн хаяанд гэрэлтэн цацарсан цэцэн цэлмэг ухаан, эрдэнэт оньсогын үүрийн туяа энэ болой. Түүнд хандан бишрэгчид адистат болой.
Аяа, Ертөнцийн хоосон чанарын үр!
Хэрэв чи зорин хүрч чадваас ахуйн орон нэн тааламжтай, зуурдын энэ замбуулингаас халин гарч чадваас мөнхийн орон зай нэн гайхамшигтай. Хурмастын Залуугийн мутраас эрдэнийн завьяанаас хүртвэл ариун согтуурлын мэдрэмж нь нэн амттай. Энэхүү зиндаанд хүрч чадваас үхэл мөхөл, үйл зовлон, нүгэл цөхлөөс ангижрах.
Аяа, Миний анд нөхөд!
Паран Уулан дээрх Заман хэмээх газрын ариун дагшин орчинд Надтай хийсэн гэрээгээ эргэн санагтун. Дээдийн чуулганыхан, мөнхийн хотынхныг Би гэрчээ болгосон ажгуу. Гэтэл эдүгээ тэр гэрээнд үнэнч хүмүүнийг нэгээхнийг ч олсонгүй. Бардам сэхүүн, эсэргүү зөрүүд зандаа автаж, эрхэм тэр гэрээг эгнэгт зүрхнээсээ ул мөргүй зайлуулсан нь гарцаагүй. Гэвч Би үүнийг мэдсэн хирнээ бусдад илчлэлгүй хүлээсээр л.
Аяа, Миний зарц!
Чи болбоос үнэ цэнэ нь зэвсгийн дарханд үл мэдэгдэх, хуйн дотроо нууцлагдсан сайтар хатаагдсан уран илд лугаа адил билээ. “Би” гэсэн үзэл, хүсэл шуналынхаа хуйнаас сугаран гарч, хурц гэрэл татуулан гялалзаж гайхамшигт үнэ цэнээ газар дэлхийд тунхагла.
Аяа, Миний анд нөхөр!
Чи болбоос Миний ариуслын тэнгэрт гийсэн өдрийн од, тиймээс газрын сүүдэрт дайруулж, гэрлээ бүү алд. Үүлэн чанадаас гялалзан гарч, юм бүхнийг амьдралын өнгөөр чимэглэхийн тулд хайхрамжгүй зангийн нөмрөгөө хуу тат.
Аяа, Бардамналын үрс!
Та нар зуурдын эрх мэдлийн төлөө Миний яндашгүй эрхшээлийг үл тоомсорлон энэ дэлхийн эрээн мяраан өмсгөлөөр өөрийгөө гоёж түүгээрээ сайрхсан биш үү. Гоо сайхнаараа андгайлъя! Хамаг амьтныг Би ганцхан өнгийн тоосон асар дор цуглуулж, гагцхүү бүхий л өнгийг ариусгах Миний өнгийг сонгосныг нь л үлдээж, бусдынх нь зүсэн бүрийн өнгийг арчин арилгах болно.
Аяа, Хайхрамжгүй назгай зангийн үрс!
Түр зуурын эрхшээлд бүү дурла, түүгээр бүү баясан цэнгэ. Та нар бол модны мөчир дээр ямар ч санаа зовох юмгүй цоглог жиргэж байдаг шувуу лугаа адил бөгөөд Үхэл гэдэг анчин гэнэт дайран газар шороо луу түүнийг түлхэн унагааж, яруу аялгуу, уран бие, гоёмсог өнгөнөөс нь ул мөр үлдэлгүй тоос болон замхардаг бөлгөө. Тиймээс дур хүслийн боолууд та нар анхаарч яв!
Аяа, Миний шивэгчний үр!
Эдүгээ хүртэл удирдамжийг үг хэлээр өгдөг байсан бол өнөө ажил үйлсээр өгөх болой. Хүн бүхэн ариун цагаан ажил үйлс бүтээх ёстой, учир нь үгээр амлахыг хэн ч чадах боловч ариун цагаан үйлс бүтээхийг зөвхөн Миний хайрт шавь нар л чадах. Ажил үйлсээрээ онцгойрохыг зүрх сэтгэлээрээ чармай. Энэхүү ариун, гэрэлт илгээлтдээ та нарт Бид ийнхүү зөвлөнөм.
Аяа, Шударга ёсны үр!
Шөнө дөлийн цагаар, үхэлгүй мөнхийн Гоо үзэсгэлэн Тэрбээр үнэнч чанарын маргад эрдэнийн өндөрлөгөөсөө Садратул Мунтахад нисэн ирж, туйлын ихээр шаналан уйлсанд дээд тэнгэрийн чуулган болоод хурмастын орны оршин суугчид Түүнийг өрөвдөн даган уйлжээ. Уйлсны учрыг лавлахуй дор Тэрбээр хэлрүүн: Би зарлигийг даган, үнэнч чанарынхаа уулан дээр хүлээн сууж байлаа, гэтэл замбуулингийн хүмүүсээс үнэнч чанарын анхилуун үнэрийг ер үнэрлэн мэдэрсэнгүй ээ. Тэгээд буцаад дуудагдсан тул эргээд явахыг завдтал ариун гэгээний хэдэн тагтаа газрын нохдын саварт хоригдон шаналж байхыг харсан юм. Тэр үед тэнгэрийн Дагина нүүрэндээ гивлүүргүй, гэрэл туяа цацруулан шидэт өргөөнөөсөө яаравчлан гарч ирэн, тэдний алдрыг асууваас нэгээс бусдынх нь нэрийг түүнд хэлэв. Гуйж шаардахад нь, тэр алдрын эхний үсгийг дурдангуут хурмастын оршин суугчид алдрын өргөөнөөсөө тэвдэн гарч ирэв. Нэрнийх нь хоёр дахь үсгийг хэлбэл тэд бүгд нэгд нэгэнгүй газар сөгдөн унав. Яг тэр үед дотоод дагшин бунхнаас “Одоо болсон, цааш нь хэрэггүй” гэх дуу хоолой дуулдав. Үнэнхүү Бид тэдний ямар хэрэг үйлдсэн, одоо ч үйлдсээр байгааг гэрчлэн мэднэ.
Аяа, Миний шивэгчний үр!
Энэрэн өршөөгчийн амнаас тэнгэрлэг нууцсын рашааныг хүртэж, тэнгэрлэг айлдварын үүрийн туяанаас сэцэн мэргэн ухааны өдрийн одны тод гайхамшгийг харагтун. Миний тэнгэрлэг сэцэн ухааны үрийг зүрхнийхээ ариун хөрсөнд суулгаж үл эргэлзэх итгэлийн рашаанаар ундаал, чингэвээс сэтгэл зүрхний чинь ариун дагшин хотод эрдэм мэдлэг, сэцэн ухааны хэлгий цэцэг дэлбээлэн цэцэглэмү.
Аяа, Дур хүслийн үр!
Хэдий болтол чи дур хүслийнхээ ертөнцөд дүүлэх юм бэ? Чамайг ад шулмын дур шохоорхлын нутгаар бус харин эрдэнийн шидэт ариун гэгээн чанарын ертөнцөөр нисэн дүүлэг хэмээн Би чамд жигүүр заяасан болой. Миний хоолойг хэрчээсэй гэсэндээ бус харин Миний хилэн хар үсийг самнаасай гэсэндээ чамд Би сам өгсөн болой.
Аяа, Миний зарц!
Та нар Миний цэцэрлэгт ургасан модод мөнийн учир өөрсдөдөө болон бусдад ашиг шим хайрлах сайн сайхан, гайхамшигт үр жимсээ өгөх ёстой. Аяа, ухаарлыг ологч хүмүүс ээ! Хүн бүхэн ямарваа нэгэн ур ухаан, ажил мэргэжил эзэмших үүрэгтэй, чухам үүнд л баян байхын нууц оршино. Учир нь аливаагийн үр дүн арга замаас шалтгаалдаг бөгөөд Бурханы аврал өршөөл чамайг хангалттай тэтгэнэ. Үр жимсээ өгдөггүй мод зөвхөн түлш л болж ирсэн, түлш л болох буюу.
Аяа, Миний зарц!
Хамгийн доорд хүмүүс бол газар дэлхий дээр үр шимээ хайрладаггүй тэр хүмүүс мөн. Эдгээр хүмүүс нь үнэндээ үхэгсдийн тоонд ордог, үгүй ээ, Бурханы мэлмийд залхуу хойрог, ямар ч үнэ цэнэгүй амьд хүмүүсээс талийгаач нар илүүтэй соёрхлыг олдог болой.
Аяа, Миний зарц!
Хамгийн эрхэм хүмүүс болбоос өөрийн ажил хөдөлмөрөөрөө амь залгуулж, олсон хөрөнгөө бүх ертөнцийн Эзэн Бурханыг хайрласан хайрынхаа төлөө өөрсдөдөө болон төрөл төрөгсөддөө зарцуулж байгаа хүмүүс мөн.
Өнөөг хүртэл үгийн гивлүүрийн цаана нуугдмал байсан эрдэнийн гайхамшигт Дагина Хамгаас Хайртын гоо үзэсгэлэнгээс цацрах гэрэл туяа лугаа адил Бурханы гоо жавхлан, тэнгэрлэг буян хишгээр эдүгээ тодрон гэрэлтсэн авай. Аяа анд нөхөд минь! Буян хишиг бүрдэж, учир начир тайлагдаж, нотолгоо илэрч, баталгаа тогтоогдсоныг Би гэрчилье. Огоорлын зам дахь хичээл зүтгэлийн чинь үрээр харин одоо юу тодрохыг үзсү. Чамд болон тэнгэр диваажин ба газар дэлхий дээр аж төрөгч олон бүхэнд тэнгэрийн аврал хишиг ийнхүү төгс бүрдвээ. Бүх хорвоо ертөнцийн Эзэн Бурханаа олон бүгдээр магтму.